Боловсролд тэгш хамруулан сургах нь

Нийгмийн үйлчилгээнээс тусгаарлагдсан, сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт олны дунд нийгэмшүүлэх зорилгоор "Дэлхийн Зөн-Монгол” Олон Улсын Байгууллагын "Хан-Уул” Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа "Боловсролд тэгш хамруулан сургах” төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн "Буянт-Ухаа” цогцолбор сургуулийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг энгийн хүүхдийн нэгэн адил орчинд сурч хөгжих эрхийг хамгаалах зорилгоор "Хүүхэд хөгжил” төвийг байгуулсан бөгөөд эдүгээ 60 гаруй хүүхэд тэдний эцэг эх, гэр бүлийн гишүүд хамрагдаж найз нөхөд, үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн хөгжиж байна.

"Хүүхэд хөгжил” төвийн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд эцэг эхчүүд, сургуулийн үйлчилгээний ажилчид, сурагчдын дунд хөгжлийн бэрхшээлтэй найзаа ойлгох, харилцан туслах, хамтран суралцах, бие биенээ хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг олон талт асуудлыг хөндсөн сургалтуудыг тус нутаг дэвсгэрийн ахмад багш нараас бүрдсэн сургагч багш нарын баг амжилттай зохион байгуулж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй 39 хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ хамт сурч байна.

Ингэснээр сургуулийн өмнөх болон бага боловсролын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд багш, сурагч, эцэг эх, сонирхогч бусад талын өргөн оролцоог хангаж чадлаа.

Үүний үр дүнд таван сургуулийн 21 ангийн сурагч, багш, ажилчдын дунд эерэг өөрчлөлт гарч байна.
Мөн "Хан Уул” Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр, дүүргийн Албан бус боловсролын төв, долоо, 60 дугаар сургуулийн захиргаатай хамтран сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй зургаа настай 61 хүүхдийн эцэг эхэд хүүхдээ сургуульд бэлтгэхэд туслах арга зүйн "Хамтдаа сурцгаая” зуны сургалтыг явуулснаар хүүхдүүд сургууль завсардалгүй нэгдүгээр ангид амжилттай суралцаж байна.

"Дэлхийн Зөн-Монгол” Олон Улсын Байгууллагын "Чингэлтэй” Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн сурагчдын хичээл хоцрогдолтыг багасгах зорилгоор бага ангийн 19 багшийн заах арга барилыг эрс шинэчлэх, сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлснээр сургууль, багш, гэр бүлийн хамтын ажиллагаа сайжрах, улмаар хичээлийн бус цагаар хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн оролцооны аргад тулгуурласан нэмэлт үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээг авснаар богино хугацаанд өндөр үр дүнтэй ажил болж чадсан юм.




 

Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 09:03

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn