Охидын санхүүгийн боловсрол

XacBank нь 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн "Өсвөр насны охид: Тэдний ирээдүй, Мөнгө санхүү” хөтөлбөрийг манай оронд олон улсын болон Монголын төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. БХАН-ийн "Мэтгэлцээн” хөтөлбөр нь тус агуулга, арга зүйг боловсруулахад хувь нэмрээ оруулсан ба нийслэлийн 30 гаруй ЕБС-ийн 14-18 насны охидын "Санхүүгийн боловсрол” клубуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Их, дээд сургуулийн оюутнуудыг сургалтад хамруулж "Үе тэнгийн сурагч багш” нарыг бэлтгэсэн билээ.

Өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн боловсрол хөтөлбөрийн танилцуулга
Өсвөр насны охид нь насанд хүрч бие даасан амьдралаа эхлүүлэх чухал хариуцлагатай үеийн өмнө байдаг ба ирээдүйнхээ талаар мэдлэг, төсөөлөл багатай байдаг нь тэдэнд томоохон бэрхшээл учруулж байдаг билээ. Олонхи нь гэр бүлийн дэмжлэгт тулгуурласаар байх авч нөгөө талаас бие даасан байдлаа бий болгох тэмүүлэлд хөтлөгдсөөр, ирээдүйн боломж, нөхцлийн талаар тэр бүр итгэлтэй байж чадахгүй нь олонтоо. Тэдэнд шинэ үүрэг хариуцлагууд тулгарч, нийгмийн шинэ харилцаануудад оролцож эхлэх ба түүний дотор санхүүгийн үүрэг хариуцлага нэмэгдэж шийдвэр гаргах шаардлагууд гарч ирдэг. Залуучууд маркетингийн нөлөөнд хялбар автагдах магадлалтай байдаг байна. Өсвөр насны энэхүү үе нь тэдний хувьд цаашид эдийн засгийн бие даасан байдлаа хангах талаар санаа тавих ихээхэн чухал үе юм. Энэ үед нь мөнгөний удирдлага, хөрөнгийн хуримтлалын талаар мэдлэг олгох нь тэднийг болзошгүй эрсдлээс хамгаалах, цаашдын амьдралын боломжийг нь нэмэгдүүлэх алхам болдог. Энэ нь санхүүгийн боловсролын хөтөлбөрийн үүрэг зорилго билээ.
Өсвөр насны охид ба залуу эмэгтэйчүүдэд яагаад санхүүгийн боловсрол чухал вэ?

Анхан шатны санхүүгийн боловсрол нь мөнгөний тухай ойлголт ухагдахуун ба мөнгөний удирдлагын талаар танилцуулах ба хадгаламжийн дадлыг эзэмшүүлэх, өөрт байгаа боломжоо хэрхэн зөв удирдах талаар мэдлэг, чадвар олгоход чиглэж байна. Эдгээр мэдлэг, чадварыг эзэмшүүлснээр санхүүгийн хамааралтай байдлаас санхүүгийн бие даасан байдалд аажмаар шилжихэд нь өсвөр насныхан ба залуучуудад нь дэмжлэг үзүүлэх юм.

Гэр бүл, эцэг эх, хамаатан садныхаа санхүүгийн дэмжлэгээс залуучууд аажмаар гарч улмаар өөрийн тогтмол орлоготой болох нь санхүүгийн шийдвэрээ бие даан гаргах боломж бүрдэнэ. Энэ асуудал нь орлого олох боломжуудыг хэрхэн ашиглах, зардал ба санхүүгийн ирээдүйгээ төлөвлөх, хэрэгжүүлэх гэх мэт олон талтай юм. Цаг хугацаа нэгэнт хүлээхгүй тул эдгээр мэдлэг, чадваруудыг залуучууд богино хугацаанд эзэмших шаардлагатай болдог. Дунд сургууль төгсөгчдөд мэргэжил эзэмших, амьдрах газар байраа сонгох, ажил эрхлэх зэрэг санхүү, мөнгөтэй холбоотой шийдвэрүүд гаргах шаардлага зайлшгүй тулгардаг.

Ер нь дунд сургууль төгсөгчид болон нас биед хүрч буй залуучуудад санхүүгийн хариуцлага зайлшгүй ирэх ба өдөр тутмын зардлаа зохицуулах мэдлэг, чадвараас гадна мэргэжил эзэмших, гэр бүлтэй болох, хүүхэд төрүүлж өсгөх гэх мэт цаашдын амьдралын чухал үеүд өмнө нь байдаг билээ. Тэдэнд хадгаламж, зээл, даатгал зэрэг санхүүгийн үйлчилгээг үр дүнтэй ашиглах мэдлэг, чадвар чухал шаардлагатай байдаг ба энэ нь тэдний ирээдүйн амьдралын бололцоог нэмэгдүүлэх юм. Эдгээр мэдлэг чадварууд хүүхдийн өнөөдрийн ба ирээдүйн амьдралд чухал ба өсвөр насныханд зориулсан санхүүгийн хөтөлбөр нь тэдний амьдралд тулгарах олон олон өөрчлөлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ. Санхүүтийн төлөвлөгөө ба ирээдүйн зорилгоо хэрэгжүүлэхэд өөртөө итгэлтэй байх, ажил эрхлэх орлого олох боломжууд, хөрөнгийн хуримтлал бий болгох, хадгаламж зэргийн ач холбогдлыг ойлгох бололцоог нээж өгдөг билээ. Ялангуяа өсвөр насныхны санхүүгийн харилцаанд орох мэдлэг, чадварын суурийг тавих нь тэдэнд амьдралын зөв шийдвэр гаргахад нь туслах явдал билээ.

Өсвөр насны охид ба залуу эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн боловсролын хөтөлбөр
"Өсвөр насны охид: Чиний Ирээдүй, Чиний Мөнгө" нь Монголын өсвөр насны охид ба залуу эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн боловсролын хөтөлбөр бөгөөд олон оронд амжилттай хэрэгжсэн "Глобал Санхүүгийн Боловсрол" хөтөлбөрийн хүрээнд "Өсвөр үе: Ирээдүй, Мөнгө санхүү" модульд суурилан боловсруулсан юм. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө сургалтын хэрэгцээ, хамрах хүрээ ба зорилтууд зэргийг тодорхойлох зах зээлийн судалгаа хийдэг. Судалгааны үр дүн сургалтын хөтөлбөрт тусгалаа олдог ба Бинти Памояа төв, Кени, СГО, Перу, Про Муер, Боливи, ХИС, Боливи, Непал, Закоурын сан, Морокко зэрэг орнуудад туршилт хийсэн юм. Мөнгөний удирдлага, санхүүгийн үйлчилгээ, санхүүгийн хэлэлцээр хийх, орлого хэрхэн олох гэсэн дөрвөн сэдэв нь хүүхэд, залуучуудын хувьд ихээхэн чухал болохыг зах зээлийн судалгаа ба туршилтын үр дүн тус тус харуулсан юм. Энэ дагуу эл сургалтын хөтөлбөр нь дөрвөн бүлэгтэй ба бүлэг бүр нь дотроо хичээлүүдэд хуваагдана.

"Өсвөр насны охид:Чиний Ирээдүй, Чиний Мөнгө " хөтөлбөр нь дээрхийн адилаар зах зээлийн судалгаанаас эхэлсэн ба Монгол орны Улаанбаатар хотын өсвөр насны охид ба залуу эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсролын хэрэгцээг тодорхойлж тус сургалтын хөтөлбөрт тусгасан билээ. Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ба "Тэгш мөр" төрийн бус байгууллагууд хөтөлбөрийг нийслэлийн дунд сургуулиуд ба хөдөлмөр эрхэлдэг охидын бүлэгт тус тус туршиж хэрэгжүүлсэн юм. Хуримтлал, хадгаламж, банкны үйлчилгээ, ба төсөв гэсэн сэдвүүд өсвөр насны охидын хувьд сонирхол, хэрэгцээ бүхий болохыг дээрх судалгаа, туршилтын үр дүн харуулсан юм. Эдгээр сэдвүүдийн хүрээнд найман цуврал хичээлийг оролцогчид судлах болно. Харин зээл ба зээлийн удирдлагын тухай сэдвээр хоёр хичээлийг тус хөтөлбөрт сонголтоор нэмж оруулсан байна.

Глобал Санхүүгийн Боловсрол хөтөлбөр нь мэдээлэл хүргэснээр хязгаарлагдахгүй ба хадгаламжийн дадал төлөвшүүлэх, ухаалаг хэрэглээ ба зээл авах тооцоог зөв хийх зэрэг чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг. Эдгээр хандлагыг төлөвшүүлэхэд тус сургалтын хөтөлбөр нь суралцагч төвтэй сургалтын аргыг чухалчилдаг юм. Энэхүү хөтөлбөрийн сургалт нь идэвхтэй, оролцоонд тулгуурласан, сонирхолтой дасгал даалгавруудыг биечлэн гүйцэтгүүлэх, тоглоомын аргуудыг олонтоо ашигласан байгаа юм. Гэр бүлийн гишүүдийн болон олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дэмждэг юм.
Глобал Санхүүгийн Боловсрол хөтөлбөр нь 2003-2005 онуудад дараах 5 сургалтын модуль боловсруулан хэрэгжүүлсэн байдаг. Үүнд:

  • 1. Төсөв: Мөнгөө ухаалгаар ашиглах нь чухал
  • 2. Хадгаламж: Та бүгд үүнийг чадна
  • 3. Өрийн удирдлага: Болгоомжтой хандах нь чухал
  • 4. Банкны үйлчилгээ: Сонголтуудыг мэдэж байх нь чухал
  • 5. Санхүүгийн хэлэлцээр: Эерэг ухаалаг харилцаа чухал

2006 оноос эхлэн Глобал Санхүүгийн Боловсрол хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор дахин дараах дөрвөн шинэ сургалтын модуль боловсруулсан:

  • Өсвөр үе: Ирээдүй, Мөнгө санхүү
  • Мөнгөн гүйлгээ: Үр ашгийг нэмэгдүүлэх нь
  • Эрсдлийн удирдлага ба даатгал: Гэр бүлийнхээ ирээдүйг хамгаалах нь
  • Хэрэглэгчийн хамгаалал: Эрх үүргээ тэнцвэржүүлэх нь зэрэг агуулга нь хөнгөнөөс хүндэвтэр сэдэв рүү шилжих аргаар боловсруулагдсан юм.

Та бүхэн тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл БХАН-ийн хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийг дэмжих "Мэтгэлцээн” хөтөлбөр рүү хандаарай.


   


Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:45

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn