Нээлттэй сургууль

Монгол Ралли сан, "Хөгжлийн төлөө адал явдал” Английн ТББ-аас Нийслэл хотын захын хорооллын иргэд, олон нийт хөгжлийг дэмжих, боловсролын чанарыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор төслийн уралдаан зарлахад манай байгууллага амжилттай оролцож 2008-2010 онд Нийслэлийн захын хорооллын сургуулиуд болох Био комбинат, Шувуун фабрик, Гачуурт, Хонхорын (10, 26, 85, 86) сургуулиуд дээр "Нээлттэй сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь сургуулийн үйл ажиллагааг багш, сурагч, эцэг эх, олон нийтэд илүү ойрхон, нээлттэй болгох, оролцоог нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургуулийн анги танхим, коридорыг сурагчдын бүтээлийн орчин болгож тэднийг бие биеэсээ суралцах боломжийг дэмжих явдал юм.
Захын дүүргийн эдгээр сургуулиудын удирдах ажилтнуудад "Сургуулийн шинэчлэл”, "Сургуулийн шинэчлэл-Багшийн хөгжил” сэдвээр 2, нийт багш нарт 4 удаагийн цуврал сургалт явуулсаны зэрэгцээ жилд нэг удаа хоорондоо уулзан туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгууллаа. Төсөлд 300 гаруй багш нар хамрагдаж байна. Мөн төслийн хүрээнд сургууль бүрт багш, сурагч, эцэг эхчүүдийн хэрэгцээнд зориулж 1000 гаруй нэрийн ном, гарын авлага, оньсон тоглоом бүхий "Хөгжлийн төв”-ийг байгууллаа. Тэнд багш, сурагчид өөрсдийн санаачилга, хүч бололцоонд тулгуурлан төрөл бүрийн хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. 88 дугаар сургууль энэ төвөө танилцуулах шинэ оны календарь хийж орон нутгийн ард иргэдэд төвөөр үйлчлүүлэх урилгын хамт илгээсэн бол 85 дугаар сургуулийнхан "Хөгжлийн төв”-өө үлгэр жишээ байгуулан төслийн сургуулиуддаа үзүүлсэн юм. 26 дугаар сургуулийн эцэг эхчүүдэд "Эрдэнэ шиштэй цай”, хүүхдүүдэд "Сэтгэлийн цай”, "Инээж буй хүүхэд”, 10 дугаар сургуулийн хүүхдүүдийн дунд "Эко клуб”-ийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Мөн олон нийтийн оролцоот сургуулийн стандартыг дээрх сургуулиудад нэвтрүүлэх туршилт ажлыг эхлүүлээд байна.
Хичээлийн жилийн төсгөлд дээрх сургуулиуд бие биеээсээ суралцах аяллыг хийж, эхний жилийн ажлаа дүгнэж юуг хийж бүтээв, ямар ажлыг гүйцэтгэж чадаагүй талаараа харилцан ярилцаж мэдээллээ солилцлоо. Энэхүү үйл ажиллагаанд 4 сургуулийн 150 гаруй багш нар оролцов.

Багш нарын сэтгэгдлээс
 ... Тэр бүр төсөл хөтөлбөр хэрэгждэггүй, хотын захын хорооллын хөдөө ч биш хотын гэж хэлэхэд хэцүү сургуулийн хувьд энэ төслийг хэрэгжүүлж буйд баяртай байна. Төслийн зорилго нь багш нарын хэрэгцээнд нийцсэн, шинэлэг санаа ихтэй сургалтуудыг өгдгөөрөө онцлогтой байна. Багш нартайгаа хамт үр өгөөжтэй хэрэгжүүлэхийн төлөө байдаг л хүч, нөөц боломжоо гарган ажиллана гэж бодож байна.
В.Пүрэвжаргал (26 дугаар сургуулийн захирал)
Миний хобби бол ном унших явдал юм. Өдөр бүр 23-03 цагт заавал ном уншиж байж л амардаг учраас баялаг сайхан номтой "Хөгжлийн төв” байгуулж өгсөнд хүүхдүүд төдийгүй багш нар бид ч маш их баярлаж байна.
Р.Сүхбаатар (26 дугаар сургуулийн багш)
Төвөө танилцуулах уулзалт хийхэд маш их хүмүүс ирлээ. Урьд өмнө нь эцэг эхийн хурал зарлаад ирдэггүй байсан хүмүүс чинь. Тэгэхээр энэ "Хөгжлийн төв” маань бүхний хүртээл болж байгаа юм байна. Олон эцэг эхчүүд хүүхдүүдээсээ сонсоод... "Танай сургуульд нэг сайхан төсөл хэрэгжиж эхэлсэн гэсэн гээд л” .....
Ж.Шараа (88 дугаар сургуулийн захирал)
Миний зээ охин 6 настай 1-р ангид энэ жил орсон. Гэхдээ л "Хөгжлийн төв”-өөс гурван том үсэгтэй ном уншсан шүү. Хүүхэд бүрт нээлттэй, чөлөөтэй хэрэглэж болох нь сайхан юм.
85 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчийн эмээ
Манай сургуулийн хувьд тэр ч бүү хэл Гачуурт тосгонд ч хүүхэд очиж чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй. Сургуульд ч номын сан гэж байхгүй байсан. Бас манай сургуулийн нэг онцлог бол Улаанбаатарт байгаа ганц дотуур байртай сургууль. Бид "Хөгжлийн төв”-өө дотуур байрандаа нээснээр дотуур байрны хүүхдүүдэд ч бас их хэрэгтэй тэдэнд ойр байгаагаараа давуу байна.
С. Энхжаргал (85 дугаар сургуулийн захирал)
Анх сургалттай гэж зарлаж байх үед бас л нэг баахан лекц уншиж, баахан л ёстой гэсэн зүйл хэлэх байхдаа гээд их л дурамжхан ирж билээ. Харин сургалтын эцэст урам зориг сэргээсэн, хэрэгжүүлж туршиж үзэх сонирхол төрөхүйц, сүүлийн жилүүдэд л лав сууж байгаагүй тийм сургалт боллоо.
Д.Пүрэвдорж (26 дугаар сургуулийн багш)


   
   



Нийтэлсэн АДМИН, 23-04-2013, 08:14

МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧИЛГЭЭ
ГИШҮҮНЧЛЭЛ





Copyright © 2013 Khan Sesan LLC. All Rights Reserved.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 15/1 Улаанбаатар-28, Монгол Улс-210628
Утас: (976-11) 324285
Факс: (976-11) 324285
И-мэйл: info@mea.org.mn